“АТАР” ХЭВИЙН БООВНЫ НЭРЭМЖИТ АЙМАГ ЦЭРГИЙН ЦОЛТОЙ ХҮЧИТ 256 БӨХИЙН БАРИЛДААНЫГ 18 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Видео

2024/01/14 |

“Талх Чихэр” ХК, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран 2006  оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан өвлийн адаг сарын шинийн гуравны бэлгэ ерөөлтэй өдөр Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгууллаа.

Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэж байсан бөхчүүдээс Монгол Улсын начин – 12, Монгол Улсын харцага – 2, Монгол Улсын заан – 4, Монгол Улсын аварга – 3 төрсөн байдаг. Ийм ч учраас өөрсдийн хүч тэнхээ, уран мэхээ уралдуулан өрсөлддөг “АТАР” хэвийн боовны нэрэмжит уг барилдаанд аймаг цэргийн цолтой бөхчүүд амжилттай сайн барилдахыг эрмэлздэг.

18 дахь жилдээ зохион байгуулсан энэ удаагийн хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Алсын жим" ХХК, "Алтаргана констракшн" ХХК, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн арслан Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Шивээ-Овоо" ХК, "Тэс Сүмбэр" ХХК, "Алтанбулаг Уул" ХХК, "Чойрын богд" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар үзүүрлэлээ.

“АТАР” хэвийн боовны нэрэмжит бөхийн барилдаан анх зохион байгуулж байсан түүхээс...

Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдааныг анх 2006 онд Монгол Улсын хүндэт засуулч Жигмэдийн Халтмаагийн хүү гавьяат тамирчин Баттуулын санаачилгаар Монголын үндэсний бөхийн холбоо хамтран монгол бөхийн ёс жудаг, өв соёлыг залуу хойчдоо өвлүүлэх, ард иргэдэд таниулах зорилгоор зохион байгуулж байжээ. Тухайн үед залуу бөхчүүдээ дэмжих урамшуулах зорилгоор маш олон барилдааныг уламжлал болгон зохион байгуулж байсан ч өнгөрсөн 18 жилийн хугацаанд тасралтгүй уламжлал болон үлдсэн барилдаан нь “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг цэргийн цолтой хүчит бөхийн барилдаан юм. Мөн тухайн үед “АТАРЫН III АЯН”-ны хүрээнд дотоодын хэрэглээгээ хангах, цаашлаад экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлж байсан бөгөөд уг аяныг дэмжих, олон нийтэд таниулах зорилгоор ийнхүү уг барилдааныг #АТАР_хэвийн_боовны_нэрэмжит_барилдаан болгон нэрлэсэн байдаг.

Жил бүрийн “АТАР” хэвийн боовны нэрэмжит уг барилдаанд  “Талх Чихэр” ХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан Монголын Уртын дуучдын холбооны 40 уртын дууч бөхийн барилдааны турш ард түмэндээ ая дуугаа өргөн барьсан билээ.