Юуны түрүүнд 37 жилийн турш бидэнтэй хамт байсан эрхэм харилцагч, хэрэглэгчдэдээ талархал илэрхийлье. “Талх чихэр” ХК нь хувьсан өөрчлөгдөх хэрэглээний соёлыг тодорхойлон, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийгэмд үнэ цэнэ бүтээгч, хүн төвтэй байгууллага байх алсын харааг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Харилцагч, хэрэглэгчдийн хэрэглээний соёлоос үндэслэн бүтээгдэхүүний шинэчлэлийг цаг тухай бүрд нь оновчтойгоор хэрэгжүүлж, зах зээлийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтөнд амжилттайгаар хамтдаа шинэчлэгдэж байна.

Үндэсний үйлдвэрлэгч бидний хувьд 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаанаас үндэслэж өдөр бүр шинэ бүтээгдэхүүнээ харилцагчдаар дамжуулан эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг билээ.

Бидний өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт бүр ажилдаа үнэнч ханддаг хамт олон, харилцагч хэрэглэгчдийн итгэлцэл хамтын ажиллагаанаас үндэслэлтэй гэдгийг хэлэхэд таатай байна. Өнгөрсөн цаг хугацаа бүхэн бидний алдаа оноо ололт амжилтыг өгүүлэх жилүүд байлаа. Бид удаан хугацааны хамтын ажиллагаан дээр үндэслэж цаашдын урт хугацааны зорилгоо тодорхойлон ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000:2008, Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартуудыг гурилан бүтээгдэхүүнийхээ салбартаа анх удаа авч 2018 онд хэрэглэгчдэд хүрсэн “Онцгой” брэнд бүтээгдэхүүн “Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн” шагнал, “Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуй нэгж , “Топ 100” аж ахуйн нэгжээр жил бүр шалгарч байна. Энэ бол бидний ажилд хүч нэмж буй урам зоригийн шагнал байлаа.

2019 он бидний хувьд өрнүүн ажлын жил болсон билээ. Өнгөрсөн 3 дугаар сарын 1-нд “Та Чи” бэйкери “Хотол” үйлдвэрийн нээлтийг хийсэн бол нийгмийн хариуцлагын хүрээнд “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөр, “Харилцагчдын баяр”зэргийг амжилттай зохион байгуулсан. 2019 ондоо зорилтоо хэрэгжүүлж зорилгоо биелүүлсэн жил болгохыг зорьж, өдөр бүр харилцагч хэрэглэгчдийнхээ дуу хоолойг сонсож хамтдаа хөгжиж байна.

Орчин үеийн хэрэглэгчдийн чиг хандлагад жил ирэх бүр өөрчлөгдөж байна. Иймээс бид 2020 онд харилцагч, хэрэглэгчдийнхээ хүсэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Талх Чихэр” ХК болон мах, махан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Мах Импекс” ХК хамтран “Дэлхийн брэндийг дураараа бүтээе” уриатай “Khaan” брэндийн бургер, хотдогны талхыг зах зээлд нэвтрүүллээ.

2021 он бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн хувьд хүндхэн жил болж өнгөрч байгаа ч бид өөрсдийн хүлээсэн үүргээ ямагт эхэнд тавин үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Энэ хүрээндээ залуу гэр бүлүүдэд зориулан “Түмэн насан” брэндийн “Өв соёл” хэвийн боовыг зах зээлд нэвтрүүллээ. Энэхүү бүтээгдэхүүн нь өрх тусгаарлаж, гал голомтоо бадраасан залуу гэр бүлүүдэд зориулагдсан. Мөн “Ковид-19”-ийн үед Монголын үндэсний уламжлалт баяр болох “Цагаан сар”-аар айл хотлоор зочлохгүйгээр ам бүлээрээ гэр гэртээ өв соёлоо дээдлэн, жижиг ч гэсэн тавгийн идээ засах хэрэгтэй гэсэн соёлыг хэрэглэгчдэд хүргэж чадсан. Мөн салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс шинэ санаа, шилдэг бүтээгдэхүүнийг жил бүр үйлдвэрлэж, “Эрүүл хүнс бол” “Таны сонголт” уриаг цаг тутамд эрхэмлэж ажиллаж байна.