“ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН МОДОН ЛУУ ЖИЛИЙН ХЭВИЙН БООВНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭХЭЛЛЭЭ

Видео

2024/01/17 |

“Талх чихэр” ХК  жил бүрийн сар шинийн баярыг угтан хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд тус компанийн 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Өнөд өвлөгдөх Өв соёл” нэрийн хүрээнд 17-р жарны Модон луу жилийн хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ эхлүүллээ. Үндэсний дархлаа болсон уламжлалт ёс заншил, өв соёлоо эрхэмлэн дээдэлж, хойч үедээ уламжуулан үлдээх эрхэм зорилгыг хэвийн боовны соёл, ёс жаягаар дамжуулан хэрэглэгчиддээ үлдээх, сануулах зорилгын хүрээнд өнөөдрийн арга хэмжээнд Монгол уртын дуу, Тууль, Шагайн наадгай зэрэг олон улсад хүн төрөлхтөний соёлын биет бус өв хэмээн бүртгэгдсэн өв соёлуудаа онцлон таниуллаа.

“Талх чихэр” ХК  хэвийн боовны гол орц болох шар тос, монгол өрмийг 21 аймгийн малчдаас шууд худалдан авч, өөрсдийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд оруулж шаардлага хангасан тохиолдолд хэвийн боовны гол орц болгон хэрэглэдэг.

Өнөөдрийн байдлаар “АТАР”, “ТҮМЭН НАСАН”, “ӨВ СОЁЛ”, “ЯЗГУУР” гэсэн 4 брэндийн дөрвөн төрлийн хэмжээтэй, зүсэлттэй болон уламжлалт хэвийн боовыг үйлдвэрлэж байгаа бөгөөд тахилын боов болон шанзтай еэвэнг ч мөн адил хийж байна.

“АТАР” брэндийн хэвийн боовыг бид уламжлалт орц найрлагаар 400гр буюу уламжлалт хэмжээтэйгээр үйлдэрлэж байна. Харин “ТҮМЭН НАСАН” брэндийн хэвийн боовыг төрийн хүндэтгэл, настан буурлын сар шинийн тавгийн идээнд зориулан 400гр, 600гр, 1300гр гэсэн гурван төрлийн хэмжээтэйгээр төгсөшгүй үргэлжлэхийн бэлгэдэл түмэн насан хээгээр хэвлэж, 2012 оноос хойш хэрэглэгчдийн гарт хүргэж эхлээд  11 жил болж байна.

2021 онд эцгийн галаас тооно өргөн голомтоо бадраасан залуу гэр бүлдээ зориулан “ТҮМЭН НАСАН” брэндийн “ӨВ СОЁЛ” хэвийн боовыг үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Ингэснээрээ үндэсний өв уламжлал, ёс заншил гэх эрхэм үнэт зүйлийг цагаан сарын баяраар дамжуулан залуучууддаа ойлгуулахыг эрмэлзэн анх худалдаанд гаргаж байсан. Уг хэвийн боов нь уламжлалт хэмжээнээс харьцангуй жижиг хэмжээтэй бөгөөд 250гр байдаг нь залуу гэр бүлүүдэд онцгойлон зориулсан хэвийн боов гэдгийг илэрхийлэх бөгөөд дараа нь идэхэд ч амт чанараа алдадгүй онцлог бүтээгдэхүүн билээ.

Угсаа гарал, язгуур үндсээ мэдэх нь улс гүрэн өнө мөнхөд оршихуйн дархлаа хэмээн үздэг. Тиймээс бид энэ жилээс эхлэн Өнөд оршихуйн бэлгэдэл болгон гэрийн тооно болон ханан хээтэй “ЯЗГУУР” брэндийн зүсэлттэй хэвийн боовыг 400гр гэсэн уламжлалт хэмжээтэйгээр шинээр худалдаанд гаргаж эхэлжээ.

Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ амт, чанар аюулгүй байдалд онцгойлон анхаарч, түүхий эд материалаа татан авахаас эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх шат дамжлагадаа хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 22000:2018, чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2016, Лаборатори чанар хяналтын  ISO/IEC 17025 стандартыг салбартаа анх удаа нэвтрүүлсэн байдаг.