МАРКЕТЕРУУДАД МЭДРЭМЖ, ШИЙДЭМГИЙ БАЙДАЛ ЧУХАЛ - "Талх Чихэр" ХК-ийн ерөнхий менежер С.Тамираа
Видео
"Талх Чихэр" ХК-ийн ерөнхий менежер С.Тамираа
Асуулт: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигч нарт өөрийгөө танилцуулбал?
Зочин: Намайг Сумъяадоржийн Тамираа гэдэг. Би Москвагийн хүнсний технологийн их сургуулийг инженер, технологч мэргэжлээр 2005 онд магистр зэрэгтэйгээр төгссөн. Сургуулиа төгсөөд Талх Чихэр ХК-нд анх технологийн ажилтнаар ажилд орж байлаа. Талх үйлдвэрлэлийн эхний дамжлага болох зуурагчаас эхлээд дамжлага бүр дээр ажиллаж байсан. Түүний дараагаар ерөнхий технологич, маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг компанийн бодлогын чанартай алба нэгжүүдэд ажиллаж байгаад энэ оны нэг сараас Талх Чихэр ХК-ний ерөнхий менежерийн хариуцлагатай албанд томилогдон ажиллаж байна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР БОЛ МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ҮНЭТ ЗҮЙЛ. МАРКЕТИНГИЙН ҮР ДҮН ЧАНАРТАЙ ХОЛБООТОЙ ГАРЧ ИРДЭГ АСУУДАЛ
Асуулт: Таны туршлагаар ажиллаж буй салбарт тань манай улсын зах зээлд хамгийн сайн тохирдог маркетингийн арга?
Зочин: Техник технологийн эрин болсон өнөө үед хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх үр дүнтэй маркетингийн арга хэрэгсэл бол яах аргагүй нийгмийн сүлжээний хэрэгсэл буюу сошиал медиа юм. Энэ арга нь тухайн хэрэглэгчид шууд хүрч чаддаг, санхүү талаасаа өртөг багатай, хурдацтай хөгжиж байгаа арга хэрэгсэл.
Асуулт: Хамгийн маркетинг сайтай байгууллагыг ямар хэмжүүрээр хэмжиж болох вэ?
Зочин: Миний бодлоор, эхлээд маркетинг сайтай юу эсвэл чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй юу гэдгийг бодох ёстой. Хэрэглэгчийн сонголт хийх үйл явцыг богино хугацаанд хийлгэж чадаж байгааг маркетинг сайтай гэж ойлгож болох байх. Байнгын хэрэглэгч болгоход бүтээгдэхүүний чанар, хөгжүүлэлт шууд нөлөөлнө.
Асуулт: Маркетерүүд бүтээгдэхүүнийг брэнд
болгохын төлөө ажилладаг. Та ирээдүйн хэрэглэгчдийн
сэтгэл зүйг хэрхэн харж байна вэ? Хэрэглэгчдийн
сонголт мэргэжилтнүүдийн гарт байна уу? Эсвэл……..
Зочин: Жишээ нь Атар талхыг үйл ажиллагаагаа
явуулж эхэлсэн цагаас хойш 33 жил үйлдвэрлэж байна.
Атар талхны онцлог гэвэл хэрэглэгчдэд идэнгитэй, дассан
амттай, уйдахааргүй бүтээгдэхүүний нэг болж чадсан брэнд.
Анхны хэрэглэгчид маань амьдралын их туршлагатай ахмад
үеийнхэн буюу манай үнэнч хэрэглэгчид болсон. Цаг үеэ
дагаад шинэ хэрэглэгчидтэй нүүр тулж байгаа нь бидэнд
мэдрэгдэж байна. 10 жилийн өмнө ам бүлд нь зориулж
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэж байсан
бол одоо маркетингийг ам бүлийн гишүүн бүрт зориулан
хийх шаардлага гарч байна. Энэ нь техник технологи
хурдацтай хөгжихийн зэрэгцээ хэрэглэгчийн мэдлэг
дээшилж, хэрэгцээ шаардлага нарийсаж, хувьсамтгай
болж байгаатай холбоотой.
Тодорхой давтамжтайгаар хэрэглэгчийн чиг хандлагыг
тодорхойлж маркетинг хийхгүйгээр ерөнхий нэг чиг хандлагаар тодорхойлоход хэцүү. Тиймээс дан ганц
маркетеруудын гарт байна гэж хэлэх нь өрөөсгөл ойлголт.
Асуулт: Дугаарын маань онцлох сэдэв “Бизнес стратеги”. Таны бодлоор бизнес стратеги гэж юу вэ? Хэрхэн амжилттай хэрэгжүүлэх вэ?
Зочин: Стратеги нь компанийн алсын харааг тодорхойлсон нилээн цар хүрээтэй сэдэв. Талх Чихэр ХК- ийн хувьд өрсөлдөгчөөсөө ялгарах зүйл нь яах аргагүй бизнес стратеги юм. Энэ нь нөгөө талаараа инноваци буюу шинэчлэл. Манайх 2004 онд инновацийн хөтөлбөр хэрэгжүүлэн салбартаа техник технологийн шинэчлэлийг хийж Атар талх үйлдвэрлэлийн урсгал шугамыг Европын холбооны улсаас анх оруулж ирж байсан. Энэ цаг хугацаанд гадны мэргэжилтнүүдийн хамт боловсон хүчин бэлтгэгдэж байсан. Бизнес стратегийн үр дүн нь 5-10 жилийн дараа харагддаг. Тэр ч утгаараа манай бүтээгдэхүүнүүд зах зээл дээр 10 жилийн өмнөхтэй харьцуулбал эзлэх байр суурь нилээн өндөр болсон. Одоо бид Улаанбаатар хотын талх, гурилан бүтээгдэхүүн хэрэглэгчдийн хэрэгцээний 60 гаруй хувийг дангаараа хангадаг. Хүнс үйлдвэрлэлийн салбарт Монгол улс импортын бүтээгдэхүүний хэрэглэгч орон юм. Манай компанийн цаашдын бизнес төлөвлөгөө нь салбартаа анхдагч байж, экспортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн төлөө ажиллаж байна
Асуулт: Аливаа стратеги нь гүйцэтгэлтэй салшгүй холбоотой байдаг. Сайн үр дүнтэй гүйцэтгэлтэй байхын тулд юуг анхаарч ажиллах хэрэгтэй вэ?
Зочин: Нэгдүгээрт, стратеги төлөвлөгөө маань алсыг харсан, оносон, үр дүн нь хэмжигдэхүйц байх хэрэгтэй. Гэтэл амьдрал дээр нөгөө зорилтондоо хүрэхгүй нь элбэг. Яагаад гэхээр хэт өндөр төлөвлөсөн, эсвэл эрсдэлийг урьдчилан хийсвэрлэн тооцоолвол тодорхой хэмжигдэхүйц үр дүн гардаггүй. Энэ нь зорилт тавихдаа уг зорилтонд хүрэхийн тулд ямар ажлууд хийх, санал санаачлагууд юу байх, ямар тактиктай ажиллах, ажлын процесс, мэдлэг чадвар хэрхэн хөгжиж байж энэ зорилтонд хүрэх вэ гэдгийг төлөвлөж хардаггүйгээс хамаардаг. Өдөр тутмын ажлууд энэ үед л илүү утга учиртай, зорилтондоо хүрэхэд илүү чиглэсэн байдаг. Хоёрдугаарт, баг хамт олон. Сайн үр дүнтэй гүйцэтгэлд баг хамт олны зохион байгуулалт, тэдгээрийн уялдаа холбоо чухал.
Асуулт: Талх Чихэр ХК нь тасралтгүй 30 гаруй жил хүнсний салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа манай үндэсний манлай үйлдвэрүүдийн нэг. Танай компани өрсөлдөөнд ямар стратеги баримтлан ажиллаж байна вэ?
Зочин: Талх Чихэр компани анх 1000 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэй 1984 онд үйл ажиллагаагаа явуулж эхлэн төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн, чихэр, жимсний чанамал гээд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байсан. Тухайн үеийн анхны бүтээгдэхүүний нэг Атар талх юм. Манай инженер техникийн ажилтан, ажилчид 30 жилийн туршлага, ололт амжилтийг бий болгоод байна. Үүнийг дагаад шинэ залуу боловсон хүчнүүд гарч ирж байна. Анх дугуй талх гэж байсан бол одоо Мишээл, Ургац, ТаЧи гэх мэт нэр төрлүүд нэмэгдэж, хэрэглэгчдийн дунд брэнд гэдэг утгаараа танигдчихсан бүтээгдэхүүнүүд нилээдгүй их болсон. Бидний өрсөлдөгчөөсөө ялгарах гол ялгарал нь салбартаа техник технологийн шинэчлэлийг тасралтгүй, зоригтой хийж чадсан. Зөвхөн тоног төхөөрөмжөө шинэчлээд зогсохгүй боловсон хүчнээ бэлдэх, сургах, дадлагажуулах ажлуудыг тогтмол хийсээр ирсэн. Манай компанийн зах зээлд эзлэх байр суурь их байгаа нь магадгүй зоригтой алхмуудыг хийж чадсантай холбоотой. Хэрэглэгчид Талх Чихэр ХК-ийг баталгаатай, чанартай хүнс хэмээн эргэлзээгүй сонгож байгаа байх гэж бодож байна. Техник технологийн шинэчлэлийг сүүлийн 10 жил маш эрчимтэй хийсэн. Үүний дараа гадны зах зээлрүү хүрэхийн тулд бидэнд Олон улсын ISO стандарт зайлшгүй хэрэг болсон. Чанартай удирдлагын системийн ISO9001 стандартыг зөвхөн үйлдвэрлэлд биш бүх салбарт хэрэглэж болдог онцлогтой. Манайх 2015 онд ISO9001 стандартыг маш амжилттай хэрэгжүүлж баталгаажуулсан. Одоо бид ISO22000 буюу хүнсний салбарт хэрэглэгддэг хүнсний аюулгүй байдлын стандартыг хэрэгжүүлэх шатандаа явж байна. Үр дүн нь энэ онд харагдана гэж найдаж байна.
Асуулт: Өөр ISO стандартыг нэвтрүүлсэн хичнээн компани танай хүнсний салбарт байдаг вэ?
Зочин: Манай оронд шингэн хүнс үйлдвэрлэгчид хамгийн анх ISO стандартыг нэвтрүүлсэн. Тэр ч утгаараа гадны зах зээл рүү эдгээр бүтээгдэхүүнүүд маань түрүүлж алхсан. Араас нь гурил, гурилан бүтээгдэхүүний хувьд манай компани удаалж байгаа юм. Манай компани салбартаа ижил төстэй үйлдвэрүүдэд манлайлагч, анхдагч болж чадаж байгаа гэж боддог.
Асуулт: Талх Чихэр ХК нь нийт 100 гаруй брэнд бүтээгдэхүүнтэй. Бүтээгдэхүүн тус бүрдээ маркетинг хийдэг үү? Эсвэл нэгдсэн нэг бодлого баримталдаг уу? Яагаад?
Зочин: Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань ашгийн түвшин багатай, хүний өдөр тутмын хэрэглээ. Маркетинг нь нэг талдаа санхүүтэй шууд холбоотой байдаг. Тиймээс бүтээгдэхүүн болгонд бид маркетинг хийдэггүй. Хамгийн гол нь шинээр зах зээлд гаргах гэж байгаа бүтээгдэхүүнээ хэнд, ямар зориулалтаар гаргаж байгаагаа сайн мэдэж байх хэрэгтэй. 30 гаруй жилийн түүхтэй Талх Чихэр гэдэг нэр өөрөө зах зээлд аль хэдийн брэнд болж чадсан. Маркетингийн чиг хандлага маань компанийн нэр хүнд, нийгмийн хариуцлага талаасаа илүү ажилладаг. Хэрэглэгчид Талх Чихэрийн шинэ бүтээгдэхүүн байлаа гэхэд чанартай гэдэг утгаар нь хүлээн авч хялбархан сонголтоо хийдэг гэдэгт итгэлтэй байна.
Асуулт: Танай компанийн хувьд хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд нийцүүлсэн чанартай, баталгаатай хүнс үйлдвэрлэхийг эрхэм зорилгоо болгодог. Тэгвэл та хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийн баталгааг байгууллагынхаа ямар үйл ажиллагаагаар тодорхойлж хэлэх вэ?
Зочин: Хэрэглэгчийн сэтгэл ханамж бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээр байрлахаас эхлэн худалдан авах үнэ, хэрэглэхэд хялбар сав баглаа, хэмжээ, амт чанар гээд маш олон зүйлээс шалтгаалдаг. Өнөөг хүртэл хийгдсэн ажлуудаа эргээд харахад бид салбартаа нэр төрөл, сав баглаа, шинэ хэрэглээг бий болгосон, үлгэр жишээ ч хамт олон болж чадсан. ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ НЬ ЗӨВХӨН ТАЛХ ЧИХЭР КОМПАНИД ХИЙГДЭЖ БАЙГАА ЗҮЙЛ БИШ. ТАЛХ, ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ АЙЛ ӨРХИЙН ӨДӨР ТУТМЫН ХҮНС УЧРААС ЭНЭ ШИНЭЧЛЭЛ ӨРХ БОЛГОНД ХИЙГДЭЖ БАЙГАА ЮМ. Тасралтгүй явагдаж байгаа тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй зэрэгцээд манай инженер техникийн ажилчдын ур чадвар дээшилж, мэргэшсэн боловсон хүчнээр хангагдаж байна. Нийт 700 гаруй албан хаагчид шинэ хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүний эрэл хайгуулд бэлэн гэж бодож байна.
Асуулт: Та бол маркетингийн баг бүрдүүлэгч. Тэгвэл сайн маркетингийн багийг бүрдүүлэхэд ямар зарчим баримтлан ажилладаг талаараа манай уншигчдад хуваалцвал?
Зочин: Хамгийн гол нь сэтгэл зүтгэлтэй байх хэрэгтэй. Зүтгэсэн зорисон ажлынхаа ард заавал гарах, ажилдаа хандах хандлага, ажлыг бүтээхдээ зөв өнцгөөс нь олж хардаг байх нь чухал. БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛ ЗОРИЛГЫН ЧИГЛЭЛ ТОДОРХОЙ БАЙДАГ Өндөр боловсролтой атлаа сэтггэлгүй хүнийг ажиллуулахад маш төвөгтэй. Бид тухайн хүнд тааруулж ажиллах хэрэгтэй болдог. Тэгэхээр хандлага хамгийн чухал. Бусад зүйлсийг ажил дээр гараад хамт олноосоо суралцах боломжтой. Их сургуульд олсон мэдлэгээрээ ажилладаг гэвэл тийм биш. Тухайн ажилтныг компанийн үйл ажиллагаа нь байнга сургаж байдаг, мөн ХАМТ ОЛНООСОО СУРАЛЦАХ ЗҮЙЛ ИХ БАЙДАГ
Асуулт: Тэгвэл бүрдүүлсэн сайн маркетингийн багаа үр бүтээлтэй байлгах тал дээр тэдэнтэй хэрхэн хамтран ажиллаж, удирдан зохион байгуулдаг вэ?
Зочин: Удирдагч гэдэг нь бусдыг манлайлах гэж ойлгодог. Удирдагч хүн бүх үйл ажиллагааны шинийг санаачлагч байх хэрэгтэй. Хамрах ажлын цар хүрээ олон байдаг учраас ажилтныг ямар арга замаар явах вэ гэдгийг нь чиглүүлж өгдөг байх ёстой. Хүний гаргасан санааг олж хараад энэ хэр оновчтой санаа вэ? үр дүн нь хурдан мэдэгдэх үү эсвэл тэр үр дүнд хүрэхийн тулд ямар арга зам, шийдлийг гаргах вэ гэх мэт чиглүүлэг талаас удирдах Асуулт нь удирдагч хүний үүрэг гэж боддог..
Асуулт: Талх Чихэр ХК-ийн цаашдын зорилго, зорилт юу вэ?
Зочин: Энэ онд бид гурван томоохон төсөл хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжүүлэхээс 3-5 жилийн өмнө судалгаа шинжилгээ хийж төслийг хэрэгжүүлдэг. Төслийн ажлаас дурдвал:
1. Үйлдвэртээ дугуй талх үйлдвэрлэх иж бүрэн автомат ажиллагаатай урсгал шугамыг Чех Улсын мэргэжилтнүүдийн хамт угсарч, ашиглалтанд оруулаад байна. Давуу тал нь сүүлийн үеийн давхар тус бүртээ өөр нэр төрлийн бүтээгдэхүүн зэрэг жигнэх боломжтой 2 давхар пийшинтэй, ашиглалт, бүтээмж өндөртэй төхөөрөмжөөр тоноглогдсон.
2. Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол эх үүсвэр нь гурил дамжуулах систем юм. Гурил нь манай бүтээгдэхүүнүүдийн үндсэн түүхий эд. Тиймээс Итали улсад үйлдвэрлэсэн иж бүрэн автомат ажиллагаатай системийг Итали мэргэжилтний хамт сүүлийн 6 сар угсарч байна.
3. ISO22000 буюу НАССР гээд хүнсний аюулгүй байдлын Олон улсын стандартыг хэрэгжүүлэхээр Серби улсын болон дотоодын зөвлөх багтай хамт 18 сарын хугацаатай ажиллаж байна. ОУ-ын зөвлөхөөс бид зөвлөгөө авч аудит буюу баталгаажилт хийлгэж байгаа нь олон улсад нэвтрэх эрхээ авч байна гэсэн үг.
Дээрх ажлуудыг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын төдийгүй Монгол улсын хэрэглэгчидийн хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан Талх Чихэр ХК-ний үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэсэн баталгааг нэмэгдүүлж байгаа юм.
Асуулт: Бүтэлгүйтэл бол ухаарлаар эхлэх шинэ боломж гэдэг. Таны хувьд гаргасан алдаанаасаа хэрхэн суралцаж байв? Маркетингийн чиглэлээр суралцаж буй залууст хандаж өгөх таны зөвлөгөө?
Зочин: Маркетингийн албанд тухайн ажилтны олон жилийн туршлага тийм ч чухал биш байх. Маркетинг өөрөө маш их хийсвэр, бүтээлч сэтгэлгээгээс үүдэж байдаг. Тухайн цаг мөчид мэдрэгдэхгүй, нилээд хугацааны дараа борлуулалтын үр дүн ашгаар мэдрэгддэг. Ихэвчлэн компанийн нэр хүнд, судалгааны үр дүнгээр харагддаг.
МАРКЕТЕРУУДАД МЭДРЭМЖ, ШИЙДЭМГИЙ БАЙДАЛ ЧУХАЛ
Маркетингийн хамгийн сайхан зүйл нь үр дүн. Нэг өдрийн эвент зохион байгуулахын тулд хэдэн долоо хоног нойр хоолгүй ажиллах шаардлага гардаг. Гэтэл 2-3 долоо хоног ажилласан үр дүн нь нэг өдрийн хэдхэн цаг л болдог. Гэхдээ НҮДЭНД ХАРАГДАХГҮЙ БОЛОВЧ ГАРЧ БАЙГАА ЭЕРЭГ ҮР ДҮН НЬ ДАРАА ДАРААГИЙНХАА АЖЛЫН СУУРЬ НЬ БОЛЖ ӨГДӨГ
Бидэнтэй сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэе.
Зочин: Ярилцлагын буланд урьж оролцуулсан та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсэе.
Эх сурвалж: МАРКЕТИНГ БА ӨНӨӨДӨР | 2017/№38