Захирлын мэндчилгээ
40 жилийн турш бидэнтэй хамт байсан эрхэм харилцагч, хэрэглэгчид та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхний итгэл, хамтын ажиллагаа өнөөдрийн үндэсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК-ийг бий болгоход хамгийн чухал түлхэц, тулах нуруу болж ирсэн билээ.
Тэртээ 1984 онд Улаанбаатар хотын талх нарийн боовны хэрэглээг бие даан ханган нийлүүлэх зорилготой үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Талх Чихрийн комбинат” нь жилээс жилд хувьсан өөрчлөгдөх хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, хэрэглээний дадал зуршил тулгуурлан техник технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг арван арван жилээр ахиулж, өдгөө хэрэглээний соёлыг тодорхойлж, олон улсын стандартад нийцсэн орчинд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийгэмд үнэ цэнэ бүтээгч, хүн төвтэй байгууллага байх алсын харааг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Уг алсын харааны хүрээнд бид Америкийн Нэгдсэн Улс, Бүгд найрамдах Чех Улс, Бүгд найрамдах Солонгос Улс, Бүгд найрамдах Итали Улс, Бүгд найрамдах Франц Улс, Холбооны бүгд найрамдах Герман Улс, Нидерландын Хаант Улс, Испанийн Хаант Улс, Бүгд найрамдах Финланд Улс, Бүгд найрамдах Австри Улс, Бүгд найрамдах Хятад Ард Улс, Бүгд найрамдах Словени Улс, Бүгд Найрамдах Португал Улсуудтай гадаад харилцаагаа тэлж, үйл ажиллагаагаа улам өргөжүүллээ.
“Талх Чихэр” ХК бусад үйлдвэрлэл эрхлэгчдээс ялгаатай нь 24 цаг тасралтгүй үйл ажиллагаагаа явуулдаг цөөн компанийн нэг бөгөөд өдөр бүр эрүүл хүнсийг хэрэглэгч харилцагч нартаа хүргэдэг билээ. Өнгөрсөн хугацаанд бид Сорилтын болон шалгалт тохируулгын, лабораторийн чадавхад тавигдах ерөнхий шаардлага ISO/IEC 17025:2017, Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 22000:2018, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO 45001:2018, Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем FSSC 22000 стандартуудыг салбартаа анх удаа авч, хүнс үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж чадсан билээ.
“Талх Чихэр” ХК нь 1200 ажилтантай, 4000 гаруй хувьцаа эзэмшигчтэй Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй I зэрэглэлийн хувьцаат компани юм. Бид 2015 оноос хойш “Шилдэг татвар төлөгч аж ахуй нэгж”, “Топ 100” аж ахуйн нэгжээр тасралтгүй шалгарч, энэ амжилтаа улам ахиулан сайжруулсаар байна.
Стратегийн өдөр тутмын хүнс үйлдвэрлэгч компанийн хувьд 2024 онд “Талх Чихэр” ХК-ийн “Та Чи” брэндийн “Аяны боорцог” нь Монголын хүнсчдийн нэгдсэн холбооноос тодруулан шалгаруулдаг “Ард түмний хүнс” өргөмжлөлөөр өргөмжлөгдлөө. Мөн өвөрмөц баяжуулсан орц найрлагаар хэрэглэгчийн таашаалд хэдийн нийцсэн “Талх Чихэр” ХК-ийн “Онцгой” брэндийн нэр төрлийг нэмж, “Сүүтэй талх”, “Малтьмикс”, “Бородинский новый” талхыг зах зээлд амжилттай нэвтрүүллээ. Энэ бол зөвхөн бидний биш хэрэглэгч, харилцагч та бүхний амжилт юм.