MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"ТАЛХ ЧИХЭР" ХК-ИЙН ЖИЛИЙН ТАЙЛАН 2016
уншсан : 
огноо : 2017/04/18
277
 “ ТАЛХ ЧИХЭР ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН 2016  ОНЫ ҮЙЛ

АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

Эрхэм хувьцаа эзэмшигчид та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.

2016 онд манай компани амжилт бүтээлээр дүүрэн жил байсныг цохон тэмдэглэхэд таатай байна. 

Манай компани 2016 онд 4 үйлдвэр , 7 албадын бүтэцтэй, 678 ажиллагсадтай, 30 гаруй нэр төрлийн талх, талхан бүтээгдэхүүн , 60 гаруй нэр төрлийн бялуу нарийн боов,чихрийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явууллаа.

2016 онд компанийн үр ашгаа нэмэгдүүлэх зорилгоор олон улсын чанарын стандартуудыг баримтлан ажилласны үр дүнд ISO17025 лабораторийн чанарын стандартын гэрчилгээг сунгуулж, нарийн боов бүтээгдэхүүний уутыг шинэ өнгө төрхөөр жигдрүүлж ажиллалаа.

 Түүнчлэн үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийснээр үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар зах зээлд өрсөлдөх чадавхаа дээшлүүлж , тодорхой үр дүнд хүрч ажиллалаа. Мөн бүтээгдэхүүний сав, баглаа, боодлыг хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц хэмжээнд хүргэж , нийт ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх , сургаж хөгжүүлэх , компанийн борлуулалтыг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж ирлээ.

Одоо та бүхэнд 2016 онд тус компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг үйл ажиллагааны чиглэл тус бүрээр товч танилцуулъя.

                                                  Нэг : Санхүүгийн  чиглэлээр :

“Талх Чихэр” ХК нь 2016 онд санхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу тогтоосон хугацаанд гаргаж , санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлтэй аудитын байгууллагаар баталгаажуулан харьяа татварын албаар хянуулж , зохих байгууллагуудад хүргүүлэн МУ-ын хууль тогтоомжийг мөрдөн ажиллалаа.

Тайлант онд борлуулалтын орлого буурсан боловч үйлдвэрлэлийн зардлыг 9,0 хувиар бууруулж, ашигт ажиллагааны түвшинг 0,1 коэффициентээр өсгөсөн нь чанарын үзүүлэлт юм. Ингэж ажилласанаар 2016 онд 1485,8 сая төгрөгийн ашигтай ажиллаж, орлогын татвараар 182,6 сая төгрөг болсон байна.

Хоёр:  Үйлдвэрлэл борлуулалтын чиглэлээр :

Манай компани нь 2004 оноос инновацийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг цаг алдалгүй нэвтрүүлж, компанийн химийн болон микробиологийн лабораторид түүхий эд материалаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл хянаж, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг, Дархан, Эрдэнэт, Баянхонгор, Төв аймгуудад шууд түгээлт хийж, хэрэглэгчдийн гарт өдөр бүр шинэхэн бүтээгдэхүүнээ хүргэж байна.

 “Талх Чихэр” ХК-ийн Талхны үйлдвэр нь анх 1984 онд хоногт 90тн дугуй талх үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдаж өнөөг хүртэл өдөр бүр 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж  ирлээ. 

Талхны үйлдвэр нь 2016 онд 19 нэр төрлийн талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинээр Самартай бородино, Үзэмтэй бородино, Московский талхнууд, зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ.

 “Талх-Чихэр” ХК-ийн нарийн боовны үйлдвэрийн орчин, техник, технологийг иж бүрэн шинэчилж, нарийн боов үйлдвэрлэх автомат ажиллагаатай, компьютерийн удирдлага бүхий 2 урсгал шугам суурилуулсан. Түүнчлэн нарийн боовны шугам болон бүтээгдэхүүний савлагааг иж бүрэн автоматжуулсан бөгөөд тус үйлдвэр одоо ТАЧИ, Органик брэндийн болон шинэ савлагаагаар 25 нэр төрлийн нарийн боов үйлдвэрлэн худалдаанд гаргаж байна.

       2016 оны буцаалт 2015 оны буцаалтаас 58,411,500 төгрөгөөр илүү байна. Борлуулалтын алба 2015 оны буцаалтыг 15 %- аар бууруулах зорилт тавьж харилцагчийн хүлээн авалт, буцаат их гаргадаг харилцагч бүртэй хамтран ажилласан хэдий боловч өмнөх оны үзүүлэлтээс илүү байна. Энэхүү буцаалт нь компанийн ашгийг тэр хэмжээгээр бууруулж  байгаа бөгөөд худалдан авах чадвартай холбоотой юм. 

Тайлант хугацаанд нэрийн барааны дэлгүүрийг 4-өөр нэмэгдүүлж, 2015 онд бөөний худалдааны болон түгээлтийн компаниудын хэрэгцээнд зориулагдсан борлуулалт, түгээлтийн “ДИ-МЕНЕЖЕР” программыг нийт 77 борлуулагчийн гар утсанд суурилуулсан нь үр өгөөжөө өгч борлуулагч бүрт утас, принтер, датаг олгож борлуулалт, захиалга оруулах, харилцагчийн тооцоо харах, судалгаа оруулах зэрэг нэмэлт давуу тал гарсан бөгөөд цэг орхигдуулах явдал буурсанаас гадна борлуулагчдын зан харилцаа, ур чадвар сайжирсан үзүүлэлт гарлаа.

Мөн цаашид бид ТАЧИ урамшууллын картыг харилцагч бүрт олгох ажлыг эхлүүлээд байна.

                           Гурав : Лаборатори , чанар хяналтын чиглэлээр :

Тус компанийн лаборатори нь MNS ISO 17025:2007 стандартын шаардлагын дагуу СХЗГ-н итгэмжлэлийн давтан үнэлгээнд хамрагдаж 2016 оны 01 сарын 13-наас 2020 оны 01 сарын 13 хүртэл 4 жилээр сунгуулж гэрчилгээ аваад байна.

2016 онд 7195 дээжинд 17127 удаагийн химийн шинжилгээ, 867 дээжинд 3332 удаагийн микробиологийн шинжилгээ хийсэн байна. ХАБУЛЛ-с явуулдаг сорилтын ур чадварыг үнэлэх тестэнд химийн лаборатори 1, микробиологи 2 удаа хамрагдаж , хангалттай сайн үнэлгээ авчээ.

Гол түүхий эд гурилын нийлүүлэгч “Милл хаус” ХХК-н итгэмжлэгдсэн лабораторитай ижил сорьцонд 2 өөр лабораторийн шинжээчид 1 лабораторид зэрэгцээ шинжилгээ хийх замаар сар бүр  байнгын харьцуулалт хийсэн болно.

 Манай лаборатори нь 2016 онд шинээр үр тариагаар хийсэн бүтээгдэхүүн түүхий эд, талх гурилан бүтээгдэхүүнд хор судлал микотоксин /нийлбэр афлатоксин, зеароленон/-ыг тодорхойлох орчин үеийн иммуноферментийн буюу Елайза аргыг амжилттай нэвтрүүлж түүхий эд, бүтээгдэхүүний 60 сорьцонд шинжилгээ хийсэн. Тосны хүчлийн тоо тодорхойлох түргэвчилсэн, хоргүй арга/ FOM330/-д шилжсэн. Микробиологийн шинжилгээний аргын баталгаажуулалтанд “ридакаунт” аргыг шинээр хэрэглэсэн. Колиформын тоо тодорхойлох шинжилгээ хийдэг цөөхөн лабораториудын нэг болж чадлаа.

Лабораторийн тоног төхөөрөмж шинэчлэлтэд 19,1 сая төгрөгийг зарцуулжээ.

                                     Дөрөв : Хүний  нөөцийн  чиглэлээр :

2016 онд Захиргаа, хүний нөөцийн алба нь 88 тушаал шийдвэр гаргаж, 233 хүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулж , 297 албан бичиг төлөвлөж , 900 орчим тодорхойлолт, лавлагаа гаргаж, 8 журам, 2 заавар шинээр боловсруулсан байна. 2016 онд нийт 97 хүн төр засгийн шагнал болон бусад шагналаар шагнагдаж, тушаалаар 32 хүнд 11.500.000 төгрөгийн мөнгөн тусламж, тэтгэмж олгосон төдийгүй тэргүүний ажилчдыг Албан томилолтоор Гадаадад 20 хүнийг /28.500.000/ Дотоодод /18 хүн 4.500.000/  явуулсан байна.

Нийт ажиллагсдын дунд томоохон Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 4 арга хэмжээг зохион байгуулж, нийт 787 хүн давхардсан тоогоор 20 орчим сургалтанд хамрагджээ. 

Үүнээс гадна компанийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, шавьжгүйтгэл, хортон мэгэчийн хяналт тавьж ажиллалаа. Саун аэробик, бялдаржуулсан танхим болон эмнэлгээр давхардсан тоогоор 417 хүн үйлчлүүлсэн байна. Мөн жилд 2 удаа эрүүл мэндийн үзлэгт нийт ажилтныг хамруулан ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, бүтээгдэхүүн хадгалалт , тээвэрлэлтийн талаар зааварчлага, сургалт явуулан нэгдсэн арга хэмжээг 4 удаа зохион байгуулсан байна.

                                     Тав : Маркетингийн чиглэлээр :

Маркетингийн алба нь 2016 онд 280 хүн хамрагдсан хэрэглэгчийн судалгаа 2, 1855 харилцагч хамрагдсан харилцагчийн судалгаа 2-г хийсэн бөгөөд томоохон 9 хэвлэлийн танилцуулга болон жижиг 20 гаруй хэвлэмэл загварыг гаргалаа. Түүнчлэн нарийн боовны уутны загварыг шинэчилж улаан, ногоон, хөх ягаан өнгийн орчин үеийн шинэ загварыг гарган бүтээгдэхүүнийг савлан худалдаанд гаргалаа. Мөн шинээр зах зээлд гарсан 4 нэр төрлийн талхны сав баглаа боодлын загвар, нэрийн барааны дэлгүүрүүдийн гэрэлт самбар, сар бүр идэвхижүүлэлтийн үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу тогтмол хийж ирлээ. 

Идэвхжүүлэлтийн үйл ажиллагааны онцлох саруудад телевизийн болон интернет орчин дахь реклам, сурталчилгааг гэрээний дагуу байнгын давтамжтай явууллаа. 

2016 онд ТаЧи бэйкери байгуулах төслийг танилцуулж эхний алхамаа Номин сүлжээ дэлгүүрүүдэд InStore Bakery хэлбэрээр байршуулахаар цаашлаад 2 талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Номин Өнөр салбарт ТаЧи бэйкери эхний салбарыг байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Мөн дотоодод зохион байгуулагдсан томоохон 10 гаруй үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон байна. 

Тус компани 2016 онд “Компанийн засаглалын кодекс”-ийг хэрэгжүүлэн ажиллаж Монголын Хөрөнгийн Биржийн А самбар буюу 1-р зэрэглэлд дэвшин бүртгэгдсэн бөгөөд мэдээллийн ил тод байдлыг хангах, нийтэд хүргэх зорилгоор Хөрөнгийн Биржид компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа нээлттэйгээр тайлагнасан болно. 

 

Манай компани нь 2016 онд :

  1. “Хэрэглэгчдийн итгэмжит шилдгийн шилдэг хамт олон”-оор Нийслэлийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг – 2016
  2. “Нийслэлийн оны шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч байгууллага”- НЗДТГ, ННДГ
  3. “Шилдэг тохижилт чимэглэл бүхий байгууллага”- СХД
  4. “Хатуу тоглоом Айсланд”-тэмцээнд 1-р байр, шилжин явах цом, 1.000.000 төгрөг / Б.Галсан-ТҮ, Б.Отгонжаргал-ТҮ, Г.Дэлгэрдалай-Хангамж / Зэрэг шагналуудыг хүртсэн амжилттай жил байлаа.

 

                                      Зургаа : Автопаркын чиглэлээр :

2016 онд Автопарк-д шинээр 2 авто ачигч машин худалдан авч 80 сая төгрөг зарцуулжээ. Нийт 16 хяналтын камерыг 3 граж, засварын цехед байршуулж, бетонон зам цутгалт, гүний худгийг авто угаалгад гаргаж, 65 жолооч мэргэшсэн жолоочын үнэмлэхтэй болсон байна.

                                       Долоо: Бүтээн байгуулалтын талаар :

  1. Талхны үйлдвэрт савалгааны агааржуулалт суурилуулсан
  2. Үйлдвэрүүдэд IMD-I загварын TECHIK брэндийн металл илрүүлэгч 5ш суурилуулсан
  3. Талхны үйлдвэрт савалгааны хэсгийн тааз ханыг дулаалан таазыг төмөр амьсгалдаг тааз хийлгүүлсэн
  4. Авто угаалгад гүний худаг хийгдсэн
  5. Шинэ ялтаст дулаан солилцуур бүхий автомат дулааны пункт /бойллер/ хүчин чадал 4500квт
  6. Лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт
  7. Талх, нарийн боовны үйлдвэрүүдэд хөргөх конвейрт агаарын сэлгэлт сайжруулах нэмэлт төхөөрөмж тавьсан /hoval/
  8. Талхны үйлдвэрт агаарын сэлгэлт сайжруулах зорилгоор 6 ширхэг хөргөх төхөөрөмж авсан.

 

 

 

2017 оны төлөвлөгөө

  1. Олон улсын хүнсний аюулгүй байдлын стандарт ISO 22000, НАССР тогтолцоог бүх үйлдвэрүүдэд хэвшүүлэх
  2. Гурил хадгалах силос, үйлдвэрүүдэд гурил дамжуулах, шигших, цэвэрлэх иж бүрэн автоматжуулалттай гурилын системийг шинээр хийлгэж, компанийн хэмжээнд нэвтрүүлэх
  3. Техник тоног төхөөрөмжийн тог тогтворжуулагч бүх үйлдвэрт нэвтрүүлж дуусгах
  4. Атар талхны урсгал шугамын тоног төхөөрөмжийг орчин үеийн дэвшилтэт төхөөрөмжөөр бүрэн шинэчлэх
  5. Томоохон супермаркетуудаар иж бүрэн тоноглогдсон халуун талхны цэгийг байгуулах
  6. Үйлдвэрийн нэгдсэн уурын узелын тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэх

 

Анхаарал тавьсан “Талх Чихэр” ХК-ийн хүндэт хувьцаа эзэмшигч та бүхэнд баярлалаа.