MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
“ТАЛХ ЧИХЭР” КОМПАНИ БАЛЖИННЯМТАЙ ӨДӨР САР ШИНИЙН ИДЭЭГЭЭ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
уншсан : 
огноо : 2014/01/13
199

Өнөө жил өмнөх жилүүдийг бодвол арай эрт золголт хийнэ. Учир нь энэ сарын 31-нд Цагаан сарын шинийн нэгэн тохиож байгаа юм. Тийм болохоор шинэ жилийн баярын уур амьсгал бараг намжаагүй байхад хүмүүс сар шинийн бэлтгэлээ хийж эхэлллээ. Цагаан сарын баярын гол идээ, будаа нь хэвийн боов, бууз юм. Томоохон зах, худалдааны төвүүдэд хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь ч бууз, банш, хэвийн боов байгаа аж. Сар шинийн баяр дөхөөд ирэхээр хөдөөний айлуудад хэвийн боов, бууз хийх том ажил гардаг. Айл саахалтаараа нийлж ирээд л хэдэн зуугаар нь хэвийн боов, хэдэн мянгаар нь бууз хийдэгсэн. Харин нийслэлийнхэн тэгж их ажил удаад байхгүй. Мөнгө нь байвал дэлгүүр ороод л худалдаад авчихна. Тавгын тав, долоо, ес зэрэг хэдэн үеэр засах боломжтойгоор нь тоо ширхэгийг нь тааруулаад савлаад бэлдчихсэн байдаг билээ. Амт чанар, өнгө үзэмжийн хувьд ч өргөн сонголттой болж. Одоогоор манайд хэвийн боовны хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэвийн боов үйлдвэрлэдэг компаниудаас “Талх Чихэр”-ийн хэвийн боов их эрэлттэй байгаа талаар наймаачид ч ярьж байв.Ингээд “Талх Чихэр” компанийн нарийн боовны үйлдвэрийг зорьлоо. Тус компани сар шинийн баярт зориулсан хэвийн боовоо энэ сарын 09-ний Баялжиннямтай өдөр албан ёсоор үйлдвэрлэж эхэлжээ. Монголчууд цагаан сарын баяраар аль өнгөтэй өөдтэй бүхнээ өмсч, хоол унд, идээ цагаа элбэг дэлбэг байхыг хүсдэг. Тэгвэл тэр жилдээ өнгөтэй сайхан явна хэмээн билэгшээдэг билээ. Энэхүү ач холбогдлыг бодож “Талх Чихэр” компани Балжиннямтай сайн өдөр хэвийн боовоо үйлдвэрлэж эхэлсэн нь энэ аж.

“Талх Чихэр” компанийн бялуу нарийн үйлдвэр жигнэлтийн цех, чаналгын цех, бялууны цехээс бүрддэг байна. Хэвийн боов үйлдвэрлэж буй цех рүү орвол цагаан халаад өмссөн 70 орчим ажилтан харагдлаа. Дамжлагаас хамаарч ажиллах хүний тоо өөр өөр. Дэлгүүрт зардаг хэвийн боовыг тусгай автомат машинаар хэвэнд оруулаад гаргаад ирдэг байх гэж ойлгодог. Таваг дээр өрөөд тавихаар их л тэгшхэн, өө сэвгүй харагддаг шүү дээ. Тэгвэл бодож байснаас огт өөр юм. Гурил зуурахаас бусад дамжлагыг үйлдвэрийн ажилтнууд гардан хийдэг юм байна. Автомат зуурагч машинд тодорхой тогтсон хэмжээгээр гурилаа хийгээл бүлээн ус шар тос, масло, элсэн чихэр, давс, сод зэргийг жорын дагуу хийлээ.Энэ нь 30 жилийн настай, уламжлалт жор. Ингээд зуурагчаас бэлэн болсон гурилаа аваад нухагч машинд шилжүүлэв. Нухагч машинаас гарсан гурилаа шууд хэвлээд дарчихгүй. Цехийн голд байрлах дөрвөн ширээнд хувааж өгөх аж. Ширээ бүрт нэг цахилгаан жин хэмжигч харагдав. Учир нь нухагчаас гарсан гурилыг 385-390 граммаар жижиглэн тасдаж, тасадсан гурилыг ширээ тойрсон ажилтнууд авч дахин нухаж гарлаа. Нэг ширээнд дунджаар 15 хүн нухагч хийж байв. Тодруулбал, бэмбээ нухаж байгаа нь энэ. Хэвийн боовны гурил нухахыг бэмбээ нухна гэж Монголчууд ярьдаг. Хэвийн боов хэр сайн болох нь гагцхүү гурилын нухалтаас шалтгаалдаг. Гурил хэр эвлэрч биежинэ хэвийн боов тэр чинээгээр өнгө зүс сайхан болно. Тэгвэл энд үнэхээр нухалт гологдохгүй гэдэг нь харагдаж байна. Бэлэн болсон бэмбээгээ дараагийн ширээнд шилжүүлнэ. Энэ ширээний ажилтнууд бэмбээг гонзгой хэлбэрт оруулж хэвээр дарахад хэсэг амраана. Харин дараа нь бэлдсэн гурил буюу бэмбээгээ хэвээр дарж гарав. Хэвний хэсэгт дөрөв, таван хэвлэгч ажилладаг. Хэвийн урт 26 см бол өргөн нь 11 см бөгөөд жингийн хувьд гурилын жинтэй ижил 400 грамм байлаа. Тэдний хэвний хээ адилхан хэдий ч уланд нь өөр өөр зураас зурах аж. Нэг нь хэрээсэлж зурахад нөгөөх нь шулуун урт зураас хийх байх жишээтэй. Яагаад гэхээр үйлдвэрээс гарсан хойно хэрэглэгчид хэвийн бооны чанар, эвдрэл гэмтэлтэй холбоотой гомдол гаргаж буцаалт хийвэл тухайн боовны улны тэмдэглэгээг хараад хэн хэвлэсэнтэй нь хариуцлага тооцдог байна. Гэхдээ зөвхөн хэв дарахтай холбоотой юу гэдгийг мэдээж эхлээд тогтоож байгаад шүү дээ. Ингээд хэвэнд орсон гурилаа дахин хэсэг амраагаад үндсэн ажил болох чанах тогоо руу хийнэ. Хэвийн боовыг чанахад их нарийн мэдрэмжтэй байх ёстой гэж хөгшчүүл ярьдаг. Гал нь хэт ширүүдчихвэл улайж түлэгдээд цэврүү үүсчих талтай. Хэт зөөлөн галаар чанавал боовны хүрээ хэсэг нь түүхий болох гээд ажиллагаа ихтэй гэдэг. Тиймээс тус компанийнхан чанагч тогоонууддаа тосны халуун хэмжих тусгай хянагч систем байрлуулжээ. Чанах явцад тосны халуун хэдэн хэм байгаа нь ханан дээрх төхөөрөмж дээр байнга гарч байх юм. Ерөнхийдөө 144 гэсэн тоо байнга харагдав. Харин хэвийн боовоо сингапур тосонд чанадаг юм билээ. Сингапур тосны үйлдвэртэй гэрээний дагуу ажилладаг бөгөөд тусгайлан саван дээр нь “Та Чи” гэсэн хаягтай хилээр орж ирдэг юм байна. Тосны хувьд өөрсдийн лабораторитой шинжилгээ, судалгаа нарийн хийсэн болохоор таарч тохирохгүй гэсэн асуудал байхгүй гэнэ. Ингээд хэвийн боов бэлэн болонгуут хатааж, сэврээгээд хайрцаглаж, агуулахдаа хийдэг байна. Агуулахаас өдөрт нь борлуулалтын машинууд нь ачаад дэлгүүрүүдэд тараана. Харин дэлгүүрээс хэрэглэгчийн гарт очно. Хэрэглэгчдээс ирэх гомдол харьцангуй бага байдаг гэнэ. Гэхдээ хэрэглэгчдийн гарт очихоос өмнө агуулахаас гараад 11 дамжлаг дамждаг болохыг Бялуу нарийн боовны үйлдвэрийн дарга Д. Гантөмөр хэлж байсан.

Төр амгалан байхыг билэгдэж түмэн насан хэвийн боов худалдаанд гарч байгаа

Ингээд тус компаний Бодлого зохицуулалтын албаны дарга Б. Бадмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компани хичнээн нэр төрлийн хэвийн боов гаргаж байгаа вэ?

“Талх чихэр” компани нь жилийн дөрвөн улиралд хэвийн боовны үйлдвэрлэл явуулдаг. Харин өнөөдөр /энэ сарын 09-ниы өдөр/ Балжинням тохиосон энэ сайхан өдөр сар шинийн баярт зориулсан хэвийн боовны үйлдвэрлэлээ эхлүүлж байна. Манай компани үндсэндээ хоёр төрлийн хэвийн боов үйлдвэрлэж, худалдаанд гаргаж байна. “Түмэн Насан” хэвийн боовыг бид хоёр дах жилдээ худалдаанд гаргаж байна.

 -Хоорондоо ямар ялгаатай юм бэ? Амт чанарын хувьд өөр юм уу?

“Атар” хэвийн боовны орцонд шар тос, элсэн чихэр, масло, сод зэрэг бүтээгдэхүүн ордог. Харин “Түмэн насан” хэвийн боовонд 100% шар тос ордог бөгөөд дээд зэргийн амт чанартай бүтээгдэхүүн юм. Хэмжээний хувьд ч харилцан адилгүй. “Түмэн насан” хэвийн боов 600 грамм жинтэй бол “Атар” хэвийн боов 400 грамм жинтэй.

-Хэдэн төгрөгний үнэтэй вэ?

“Атар” хэвийн боов ширхэг нь 2200 төгрөгний үнэтэй. 15 болон 21 ширхэгээр авсан тохиолдолд  900 грамм жинтэй суурь еэвэн бэлэглэж байгаа. Харин “ Түмэн насан” хэвийн боовны ширхэгийн үнэ нь 3999 төгрөг бол 26 ширхэгээр савласан нь 119999 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Бусдаас арай тансаг зэрэглэлийн брэнд болох “Түмэн насан” нэрийн боовны үнэ өндөр ч олон урамшуулал үнэгүй дагалдаж байгаа юм. Тухайлбал, гурван килограмм жинтэй суурь еэвэн болон 10 ширхэг тахилын боов, дөрвөн бэрх шагай бүхий дурсгалын зүйлс бэлгэнд ирж байгаа.

-Цагаан сарын баярт зориулан хямдрал, урамшуулалын талаар тодруулахгүй юу?

 Цагаан сарын баярт зориулсан “Атар” иж бүрдлийг худалдан авагчдадаа санал болгож байна. Иж бүрдэл 15 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Монгол сайхан билэгдлийг бодож хадаг, сүү зэрэг байхаас гадна хэвийн боов, ком еэвэн, “Талх чихэр” нэрийн чихэр жигнэмэг, цайны идээ, хорхой ааруул, узэм зэрэг цагаан сараар хэрэгтэй бүхнийг багцалсанбайгаа. Үнийн хувьд 15 ширхэг хэвийн боовтой иж бүрдэл 69900 төгрөг, 21 ширхэг хэвийн боовтой иж бүрдэл нь 85900 төгрөгийн үнэтэй. Мөн байгууллага хамт олонд зориулсан урамшуулал бий. “Атар” нэрийн хэвийн боовноос 50 хайрцагыг захиалбал урамшуулал болгож нэг хайрцаг хэвийн боов бэлгэнд өгөх болно. Дүүрэг хорооны ахмадууд ч бөөндөө захиалж болно. Тэгвэл дээрх урамшууллыг эдлэх боломжтой гэв. “Талх Чихэр” компани сар шинийн боов үйлдвэрлэх нээлтэндээ хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан хөдөлмөрийн баатар ахмадуудыг урьж, гарын бэлэг өгсөн юм. Сүүлийн үед зөвхөн хотын иргэд гэлтгүй хөдөө орон нутгийнхан бэлэн худалдааны хэвийн боов хэрэглэдэг болсон гэнэ. Иймд тус компанийхан 21 аймагт борлуулалт хийж байгаа аж. Мөн томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвтэй хамтарч ажиллахаас гадна зургаан гэр цэг гаргажээ. Тодруулбал, Москва хорооллын замын урьд “Та чи” мөсөн хотхоны хашаанд, Бөхийн өргөөний хойно, “Голомт” хотхоны замын урд, Драгон төвийн урд, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 32-ын тойрог, Баянзүрх дүүргийн Цайз 16 дугаар хорооллын автобусны буудлын ард гэр цэгүүд гаргаж, үйлдвэрийн үнээр хэвийн боов авах боломжийг иргэдэд олгож байгаа аж.

    “Өдрийн сонин”






Сэтгэгдэл